Нийтэлсэн: 2021 он 02 сар 05. 14 цаг 37 минут

ҮСХ-ны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс болон албаны хүмүүстэй цахимаар уулзлаа. Тус уулзалтад ҮСХ-ноос Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа, Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа нар оролцов.

Уулзалтын эхэнд ҮСХ-ны дарга Б.Батдаваа НҮБ-ын Хүүхдийн сан нь “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Мөн ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй Хүүхэдтэй төрийн албан хаагчдын нөхцөл байдлын судалгаа, 2020-2021 онд хэрэгжүүлж буй “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС+) -г хийж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтойг онцолж харилцан санал солилцлоо. НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтод аймгууд болох Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт 3 жилийн хугацаатай “Өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламж”-ийг тодорхойлох судалгааг хамтран 2019, 2020 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд 2021 онд үргэлжлүүлж ажиллах юм.

“Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдын хүүхдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг сайжруулах, өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудал дээр анхаарах шаардлагатай байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас тэмдэглэн хэллээ.

Мөн тоон мэдээллийн чанарыг сайжруулах, хүүхэд хамгаалал болон Тогтвортой хөгжлийн зорилгын хүүхэдтэй холбоотой шалгуур үзүүлэлтийн холбогдох мэдээллийг сайжруулж хамтран ажиллах саналаа солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :