Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 09 минут

Судалгааны дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 2020 оны 3 дугаар улиралд оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.3 (8.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 27.9 (1.9%) мянган төгрөгөөр өссөн.

Энэ талаар ҮСХ-ны Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “ҮСХ-ноос одоогийн байдлаар 2020 оны 3-р улирлын өрхийн орлого, зарлагын мэдээлэл гарсан байна. Тодруулбал, 2020 оны эхний есөн сарын хугацаанд 12 мянган өрхийн мэдээлэл цуглуулж, судалгаа хийгээд олон нийтэд тархаагаад байгаа юм. Улсын хэмжээнд нийт 16 мянган өрхийг нэг жилийн хугацаанд түүвэрлэж судалгаа хийдэг. Тухайлбал, Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны 3-р улиралд оны үнээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.2 (10.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд цалин хөлсний орлого 79.3 (11.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 77.3 (34.1%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Үүнийг тодорхой жишээгээр тайлбарлавал, 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1-р сарын 22-ны тогтоолоор Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж НДС-гаас олгох болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, НДС-гаас олгох болон цэргийн алба хаасны 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, НДС-гаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоосон. Мөн 2020 оны 4 сараас хүүхдийн мөнгийг 5 дахин буюу 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ буюу хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлж нийт 242 мянган хүнд олгож байна.

Мөн 203,441 малчинд 1 кг ямааны ноолуур тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг олгосон, 221 мянган даатгуулагчид 2020 оны 4-7-р сарын 1-ийг хүртэлх хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Хувийн хэвшилд ажиллаж буй 570 орчим мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс 2020 оны 4-10 сар хүртэл бүрэн төлсөн. Хувийн хэвшилд ажиллаж буй 989.4 мянган иргэний цалингаас суутгах орлогын албан татварыг чөлөөлсөн байна. Гэх мэт Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь иргэдийн өрхийн орлогод тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Хэрэв ээ Монгол Улсын Засгийн газраас ковидтой холбоотой дээрх шийдвэрүүдийг гаргаагүй бол иргэдийн өрхийн орлого унах байсан.

ҮСХ бол УИХ-ын харьяа байгууллага учраас бидний хийж хэрэгжүүлж буй ажилд Засгийн газрын ямар нэгэн нөлөө байдаггүй. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллаж бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй. Харин иргэн та аливаа статистикийн мэдээллийг хэдийд ямар цаг хугацааг хамарч, ямар аргачлалаар хийснийг маш сайн анхаарах ёстой. Статистик нь цаг хугацааны тасалбар, тодорхой шинжлэх ухааны аргачлалтай билээ.

Дашрамд дурдахад 2020 оны 10-12-р сар буюу Ковид-19 цар тахлын хөл хорионы үеийн судалгааны статистик мэдээлэл удахгүй гарна. Тус судалгааг Дэлхийн банктай хамтарч явуулсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд байдал хэр байгааг судалгаанаас харах боломжтой” гэлээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :